Creative Commons гэж юу вэ?

Монвики-с
Шууд очих: залуурдлага, хайлт

Creative Commons буюу бүтээлч хамтын өмч гэж юу вэ? Creative Commons (товчоор CC гэж бичигддэг, “бүтээлч хамтын өмч” гэсэн агуулгатай) нь 2001 онд байгуулагдсан олон нийтийн ашгын бус байгууллага юм. Энэ байгууллагын CC хэмээх тэмдэглэгээний ард ашиглалтын стандарт эрхийг тавьсан аливаа бүтээлийг олон нийт үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой. Зохиогч өөрийнхөө бүтээлийг бусдад үнэ төлбөргүйгээр ашиглуулж, нийтийн хүртээл болгохыг хүсвэл тухайн бүтээлийг ямар нөхцөлтэйгээр ашиглаж болохыг ашиглалтын стандарт эрхээр зааж өгдөг. Ийм ашиглалтын стандарт эрхийг ном, толь бичиг, зураг, хөгжмийн бүтээл гэх мэт төрөл бүрийн бүтээлд ашигладаг.

CC эрх нь өөрчилж засан сайжруулахыг зөвшөөрдгөөрөө бүтээлчээр хөгжүүлж ажиллах хүмүүст нэн хэрэгтэй юм. Интернэт нь судалгаа, боловсрол, соёлын бүтээлийг хүн бүхэн хэрэглэх боломжийг олгосон ч одоогийн хууль эрх зүйн болон нийгмийн систем зарим тохиолдолд энэ боломжийг ашиглахад саад учруулдаг. Интернэт үүсэхээс өмнө зохиогчийн эрх үүссэн учир интернэтэд хуулбарлах, ашиглах, өөрчлөх зэрэг үйлдлийг үнэ төлбөргүйгээр, чөлөөтэй хийхэд хүндрэл учруулж байна. Зохиогчийн эрхийн хуулийн ерөнхий жишгээр зураач, багш, судлаач, номын санч, төр засгийн бодлого боловсруулагч болон бусад жирийн хэрэглэгч урьдчилан авсан зөвшөөрлийн дагуу эдгээр үйлдлийг хийх хэрэгтэй болдог. Хүн бүр чөлөөтэй хэрэглэх үзэл санааг хэрэгжүүлэхийн тулд интернэт орчин болон зохиогчийн эрхийн хууль эрх зүйн зохицуулалтыг тэнцвэржүүлсэн нийтийн, үнэ төлбөргүй жишиг дэд бүтцийг бий болгох шаардлагаас үүдэн Creative Commons (CC) үүсэж бий болж, дэлхий нийтэд ашиглагдаж байна. Creative Commons (CC) нь Open Education Resource буюу Боловсролын Нээлттэй нөөцтэй нягт холбоотой.
CC1.jpg
Мөнгө төлж чадахгүй эсвэл хүсэхгүй байгаа хүмүүст CC эрх маш их хэрэг болдог. Түүнчлэн зарим CC эрх нь өөрчилж засан сайжруулахыг зөвшөөрдгөөрөө бүтээлчээр хөгжүүлж ажиллах хүмүүст нэн хэрэгтэй байдаг. Та ашиглалтын эрхийн дараах 4 тэмдэглэгээг мэдэж байхад л хангалттай. Аливаа СС эрх энэ дөрвийн аль нэгээр буюу хэсэг бүлгээр л илэрхийлэгддэг.


Урьдын бидний мэдэх С эрхээс ямар ялгаатай болохыг авч үзэцгээе. Copyright эрх бол өмчлөгчийн эрх буюу бизнесийн л эрх байдаг. Үндсэндээ компаниудын эрх гэсэн үг. Тэд зохиогчдоос эрхийг нь худалдан авч өмчлөөд цаашид борлуулалт хийцгээдэг. Уг бүтээлийг ашиглахыг хүссэн хэн боловч тэр компанид хандаж, гэрээ хэлцэл (ямар журмаар ашиглах тухай заалт бүхий) хийн мөнгөө төлөөд ашиглах эрхээ авахаас өөр арга байдаггүй.

Өөрийгөө сурталчлах үүднээс, бусдын хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэх эсвэл өөрөө үнэгүй зүйл ашиглах дуртай тул өөр шигээ хүмүүст зориулж бүтээлээ үнэгүй тавих гэх мэт олон шалтгаанаас вэбсайтад үнэгүй ашиглаж болох эх үүсвэрүүд бий болсон. Гэвч хууль эрх зүйн үүднээс бол тухайн нөхцөл байдал бүрд л зөвшөөрөл авч байх ёстой. Хамаагүй зүйлээр оролдвол ихээхэн төлбөрт орооцолдож ч мэдэх тул болгоомжтой харьцах ёстой байв.

CCommon2.jpg
Харин Creative Commons тэмдгийг бүтээл дээрээ тавьсан бол та санаа амар байж болно. Хэн ч таньтай хэлэлцээ хийх гэж төвөг удахгүй, сонирхсон хүн бүр таны бүтээл дээрх СС эрхийг хараад юуг хийж болох, юуг хийж болохгүйгээ бүрэн ойлгоно. Нөгөө талдаа таны бүтээл баталгаажсан гэсэн үг.

Энэ бол стандартчлагдсан эрхүүд тул хэн ч бүтээлдээ ашиглаж болно, дундын зуучлагч ч хэрэггүй.

Ийнхүү СС эрх нь аливаа бүтээлийг бүтээлчээр хэрэглэхэд зориулагдсан тул Creative Commons буюу оюуны бүтээлч хамтын өмч гэж нэрлэгдсэн юм. Creative Commons - эрх улам төгөлдөржин хөгжсөөр байна. Тухайлбал Германд 2.0 хувилбар нь ашиглагдаж байгаа бол, АНУ-д 3.0 хувилбар ашиглагдаж байна. Энэхүү эрхийг орон бүр өөрийн хэл дээр хуулийн хэллэгээр томъёолж бичдэг.