Үндэсний эрх чөлөөний хувьсгал

Монвики-с
Шууд очих: залуурдлага, хайлт

Үндэсний эрх чөлөөний хувьсгал (1911 Revolution of Mongolia) (1911) Манжийн эрхшээлээс гарч тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан хувьсгал. ХХ зууны эхэн гэхэд Манжийн эсрэг үндэсний эрх чөлөөний тэмцлийн голомт Ар Монголд төвлөрөх болжээ. 1911 оны зун Халхын Түшээт хан аймгийн жанжин М.Ханддорж, Их Хүрээний да лам Г.Цэрэнчимэд, түшмэл Б.Хайсан нар сэдэвлэн Жавзандамба хутагтад (Богд хаан) Манжаас салан тусгаарлах хэргийг Монголын нөлөө бүхий ноёдоор хэлэлцүүлэх тухай айлтгал өргөж улмаар 1911.06.21-д Жавзандамба хутагтад бат оршил өргөхөөр ирсэн Халх дөрөв, шавь таван аймгийн ихэс дээдэс шинэ засгийн бодлогыг хэрхэх талаар зөвлөлджээ.Энэ үеэр Түшээт хан аймгийн чуулган дарга түшээ гүн Г.Чагдаржав, жанжин чин ван Ханддорж, туслагч гүн М.Намсрай, Сэцэн хан аймгийн жанжин Эрдэнэ далай ван Г.Гомбосүрэн, Их шавийн да лам Цэрэнчимэд нар Богд уулнаа сэм хуралдаж хаант Орос улсаас тусламж эрж тусгаар тогтнолоо сэргээн мандуулахаар зөвлөлдөж тусламж гуйх төлөөлөгч илгээхээр тогтжээ. Жавзандамба хутагт ба Халхын дөрвөн ханаас хамтатган тусгаар улс байгуулахад тусламж эрж өргөсөн айлтгал бичгийг авч Ханддорж, Цэрэнчимэд, Хайсан нар 1911.08.15-д Санкт-Петербургт очжээ. Оросын засгийн газар уг асуудлыг хэлэлцээд Манж улстай Монголын тогтоосон сюзерен холбоог хэвээр хадгалах, үүнд үндэсний байдлаа хадгалах гэсэн монголчуудын эрмэлзлийг дэмжих бодлого явуулахаар тогтжээ. Монголчууд Манжаас тусгаарлах, тусгаар тогтнолоо зарлан тунхаглах бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Халхын Хүрээний газрын бүгд хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газрыг 1911.11.30-д нээжээ. Хүрээний түр засгийн газрыг түшээ гүн Чагдаржав толгойлж, чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд, Сэцэн хан аймгийн чуулганы дарга жүн ван Гомбосүрэн, мөн аймгийн жанжин бэйс Гомбосүрэн, Сайн ноён хан аймгийн ван Цэдэнсодном, Түшээт хан аймгийн улсад туслагч гүн Намсрай нар орсон ба монгол овогтон бүгдээр нийлж, өөртөө улс болон тогтнох Богд гэгээний зарлигийг Өвөр Монгол, Хөх нуурын монголчууд, Барга, Алшаагийн эрх баригчдад хүргүүлж улмаар Жавзандамба хутагтыг Монголын эзэн хаанд өргөмжлөх болсныг мэдэгдэж, Халх дөрвөн аймгаас нэжгээд мянган цэрэг дайчлах тушаал гарган, Түшээт хан аймгийн хошуудаас 500 орчим цэргийг Хүрээнд татан авчирчээ. Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газраас 1911.12.01-д Хүрээний манж амбан Саньдог хөөн гаргаж Манжаас бүрмөсөн тусгаарлаж улс төрийг сэргээн мандуулсан тухай ухуулах бичгийг гарган улмаар Манжийн Хэвт ёсны он тооллыг халав. 1911.12.29-д Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанд өргөмжилж эрдэнийн их сууринаа залах ёслол Их Хүрээнд болж улсын нэрийг Монгол, оны цолыг Олноо өргөгдсөн гэж нэрийдэн, Их Хүрээг Нийслэл Хүрээ болгож, улсын засгийн хэргийг эрхлэх таван яам байгуулжээ. 1912 оны намар Ховд хотыг чөлөөлснөөр Монгол орон Манжийн эрхшээлээс бүрмөсөн тусгаар тогтносон юм.