Чингис хаан

Монвики-с
(Чингис-с чиглүүлэгдэв)
Шууд очих: залуурдлага, хайлт
Чингис хаан

Чингис хаан жинх. Тэмүжин (Genghis Khan; Chinggis; Chingis; Jenghiz; Jinghis; Temüjin; Temuchin) (1162.05.31-д Онон мөрний Дэлүүн болдогт төрж, 1227.08.25-д нас барсан) Их Монгол Улсыг үндэслэгч. Есүхэй баатрын хөвүүн. Тэмүжинийг есөн настай ахуйд 1170 онд эцэг Есүхэй баатар татаарт хорлогдон нас барснаар түүний захиргаанд байсан аймгууд гэр бүлийг нь хаян нүүжээ. Тэмүжин дүү Хасартай хамтран эх өөртэй ах Бэгтэрийг алж, өрх гэрийн тэргүүн болжээ. Тэрээр тайчуудад баригдаж, малын дээрэмчдэд агт морьдоо алдаж байсан ч тэр бүгдийг даван туулж чаджээ. Урьд сүй тавьсан хонгирадын Дэй сэцэний охин Бөртэ үжинтэй 1178 оны үед гэрлэв. 1179 онд хатан Бөртийг мэргид аймгийнханд булаалгаж, багын анд Жамуха сэцэн, эцгийн анд Тоорил хоёрын туслалцаатайгаар эгүүлэн авчээ. Тэмүжин бага наснаасаа хүнд бэрх амьдрал үзэж, хатуу чанга зоримог залуу болсон бөгөөд хүнийг өөртөө татах чадвартай, алсын хараа, сэцэн ухаантай, чадварлаг зохион байгуулагч болон төлөвшжээ. Тэмүжин тухайн үеийн Монголын баян чинээлэг малчдын дэмжлэгт түшиглэж, тэдний хөвүүдтэй нөхөрлөн улс байгуулах тэмцэлд ялж чадсан. Мөн Хэрэйдийн Тоорил хаантай холбоотны харилцаа тогтоож, түүний хүчийг сайтар ашиглажээ. Тэмүжин бөө нараар дамжуулан өөрийгөө хаан болгох, нэр хүндээ өсгөх хэргээ гүйцэлдүүлсний зэрэгцээ бусад язгууртнуудын хоорондох зөрчлийг ашиглан 1189 онд 28 настайдаа Хамаг Монгол Улсын хаан болж, Чингис цол авчээ. 1190 онд Жамуха сэцэнтэй Далан Балжуудад байлдаж, 1196 онд татаарын Мэгүжин сүүлтийг дараад Алтан улсаас жаутхури цол авч, гадаад байдлаа бэхжүүлэв. 1197 онд хүчирхэг жүрхин аймгийг доройтуулсан. Хамаг Монгол Улсын хаан болсон Тэмүжин бусад аймаг, улсуудыг эзлэх зорилго тавьж 1199 онд Найман улсын Буйруг хааныг, 1200 онд тайчууд аймгийг, 1200, 1202 онд татаар аймгуудыг бут цохиж, 1201 онд Гүр хаан Жамухын хүчийг дарсан ажээ. 1202 онд тайчуудыг довтлон устгав. 1203 онд Хэрэйд улсыг мөхөөн хонгирад аймгийг дагуулан авав. 1204 онд онгуд аймгийг дагаар оруулж, Найман улсыг довтлон эзлэв. 1204-05 онд үлдэгдэл эсэргүүцэгч бага хүчнүүдийг даран сөнөөж 1205 онд Монголын Гүр хаан-Жамухыг цаазалжээ. Тийнхүү Тэмүжин 1206 онд Онон мөрний эхэнд болсон их хуралдайгаар Монголын нэгдсэн улсыг байгуулсныг тунхаглаж, дахин Чингис хаан цол авчээ. 1189 оны хаан цолыг бататгаж, мөн нэгдсэн улсыг байгуулсан тул Чингис цолыг дахин өргөмжилжээ. Монгол Улс 1211 оноос Их Монгол Улс гэсэн нэртэй болжээ. Чингис хаан Монголд эзэн, харьяатын харилцааг тогтоох түүхэн үйл хэргийг хийж гүйцэтгэжээ. Тэрээр овог, аймгаараа амьдрах хуучин ёсыг халж, мянгатын зохион байгуулалтыг тогтоов. Овгийн язгууртнуудын ихэнхийг халж, энгийн малчин хүмүүсийг мянганы ноён болгосон нь Монгол төрийн өнө удаан оршин тогтохын үндэс болсон юм. Анхны гэж хэлж болохуйц бичмэл хууль Их засаг хуулийг зохиолгосон. Чингис хаан Дундад зууны монголчуудын сэргэн мандалтын үндсийг тавьж, монгол үндэстэн бүрдэн тогтоход түүхэн гавьяа байгуулсан төрийн зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин юм. Чингис хаан эртний өст Алтан улсын нөлөөнөөс гарахын тулд 1211-17 онд түүнийг довтолж ихэд ялсан бөгөөд төрийн элчийг алсан Хорезм улсыг 1219-24 онд эзэлж, холбоотны үүргээ биелүүлээгүй Тангуд улсыг 1225-27 онд довтлон мөхөөсөн билээ. Чингис хаан Монголын эзэнт гүрний эх суурийг тавиад 1227 онд 67 насандаа өвчнөөр нас барсныг Бурхан халдун уулын Их хоригт оршуулжээ. Чингис хаан Бөртэ, Есүй, Есүгэн, Хулан, Ибаха зэрэг хатадтай бөгөөд зургаан хөвүүн, таван охинтой.