Ханддорж, Минжиддоржийн

Монвики-с
Шууд очих: залуурдлага, хайлт

Ханддорж, Минжиддоржийн (Khanddorj, Minjiddorjiin) (1869 онд Монгол, Түшээт хан аймаг, Дайчин вангийн хошуунд төрж, 1915 онд Нийслэл Хүрээнд нас барсан) Монголын Үндэсний эрх чөлөөний хувьсгалын зүтгэлтэн, Чингисийн угсааны сурвалжит язгууртан. 1892 онд засаг залгамжилж, 1897 онд Түшээт хан аймгийн туслагч жанжин болжээ. Тэрээр Шинэ засгийн бодлогыг эсэргүүцэгч байсан тул хөвгүүн Данзанжамцыг нь Далай ламыг дагалдан Бээжинд очих үеэр ёс алдсан хэмээн цаазалжээ. Ханддорж үндэсний хувьсгалын үйл хэрэгт анхнаас нь чармайн зүтгэж, Санкт-Петербургт зарагдан очиж Манжаас салж туурга тусгаарлах хэрэгт Оросын тусламжийг авах асуудлаар хэлэлцээ хийхэд оролцсон. Тэрээр Халхын түр засгийн газрын долоон гишүүний нэг байжээ. 1911 онд Богдын засгийн газарт Гадаад яамны тэргүүн сайдаар томилогдон 1915 онд хүртэл ажиллажээ. Тэрээр 1912 оны Орос-Монголын гэрээнд гарын үсэг зурж, уг гэрээ нь бусад улс гүрнүүд Монгол Улсыг хүлээн зөвшөөрөх иш үндэс болно хэмээн үзэж байв. 1912 оны эцсээр Монголын засгийн газрын төлөөлөгчдийг тэргүүлэн Орост төрийн айлчлал хийж, Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх, нэгдсэн Монгол Улсыг байгуулах асуудлаар улс төр, санхүү, эдийн засгийн дэмжлэг авахыг оролдсон ч бүтэлгүйтжээ. Олон хүн түүнийг хорлогдож үхсэн хэмээн үздэг. Богд хаан түүний зүтгэлийг үнэлж ханы зэрэг хошой чин вангийн хэргэм шагнасан байдаг.